Мэргэн буудагчийн тактикийн ажиллагаа


Мэргэн буудагчийн дохиогоор дайрах
Буудлага үйлдэх
Гал нээх команд
Аюулгүй байдлыг хангах
Хотын нөхцөл дэх хамгийн оновчтой нуувч:
Дээвэр дээрх нуувч

Нуувчаа сонгох
Байрлалаа нууцаар эзлэх
Зааварчилгаа

Байраа эзлэх
Сонголт ба бэлтгэл


Мэргэн буудагчийн үүрэг

Гэмт үйлдэл болсон үед /нэн ялангуяа хүн барьцаалахтай холбоотой/ мэргэн буудагчийн үүрэг, роль, цар хүрээ асар их юм. Тэр тагнуул хийнэ, хамтрагчдынхаа маневр, шилжин байрлах хөдөлгөөнийг халхавчилна, хянагч нарыг хамгаална, харгийн газрыг бүслэн хамгаалах ажиллагааг хангана, тушаал авсан тохиолдолд мэргэн галаар "аюул"-ыг устгана. Мөн үүнээс гадна мэргэн буудагч дайрах бүлгийнханд хандуулж буй гэмт этгээдүүдийн анхаарлыг саринуулах, нууц ажиллагаанд саад болж байгаа гэрэлтүүлгийн хэрэгслүүдийг "унтраах", нохой зэрэг эсрэг талын хамгаалалтын хэрэгслийг устгах зэрэг олог үүрэг гүйцэтгэдэг. Чөлөөлөх операц эхэлмэгц тэрээр дайрах бүлгийн ажиллагааг мэргэн галаараа халхавчилж, галын албаныхан, эмч нар болон бусад үйлчилгээний ажилтнуудын аюулгүй байдлыг хангах ёстой.
Мэргэн буудагч дайрах бүлгийн шилжих хөдөлгөөнийг зохицуулж, тэдний зам дахь занга, урхи, сэжигтэй этгээд болон бусад аюулаас сэрэмжлүүлдэг. Зарим тохиолдолд тэрээр дайрах бүлгийн хараанд өртөхөөргүй байрлаж, аюул занал учруулж болох сэжигтэй этгээдүүдийг устгана.
Гэмт этгээдүүдийг устгах тушаал авсан бол "бай"-г сонгохдоо түүний ач холбогдлынх нь дарааллыг баримтална. Гол төлөв хамгийн эхэнд нэн аюултай зэвсэг /гар пулемётоор зэвсэглэсэн гэмт этгээд гар буугаар зэвсэглэснээсээ түрүүлж үхэх ёстой гэсэн зарчим баримталдаг/ барьсан "бай"-г устгана. Дараа нь гэмт этгээдүүдийг устгахдаа тэдний эрүүгийн "түүх"-ийг үндэслэнэ. Эцэст нь барьцааныханд болон дайтах бүлгийнхэнд хэн илүү их аюул учруулж болохоор байна гэдэг зарчим баримтална /гэм зэмгүй хүмүүсийн дэргэд хамгийн ойр байгаа нь гэдэг ч юмуу/.

Сонголт ба бэлтгэл

Мэргэн буудагчдыг сонгохдоо түүний бие бялдрын хөгжилд онцгой анхаардаг. Яагаад гэвэл мэргэн буудагч зарим үед хүн хүрхэд маш хэцүү газар байрлах болж, тийшээ очиход түүнээс асар их хүч тэнхээ, ур ухаан, эв дүй шаардагддаг юм. Тэвчээр хатуужилтай байх нь мэргэн буудагчийн бас гол чанар мөн. Тэрээр үүрэг гүйцэтгэх үедээ сонгосон байрлалдаа хэдэн цаг ч суух /тэгэхдээ бараг хөдөлгөөнгүй шүү/ шаардлага гардаг. Ингэхдээ тэрээр хэрэгтэй ганцхан агшинд байгаа найдвартай хөнөөх тийм чадварыг хадгалж байх ёстой. Олон тусгай командынхан мэргэн буудагч нараа байлдааны туршлагатай хүмүүс болон анчдын дундаас сонгон авсан байдаг. Яагаад гэхээр эдгээр хүмүүс нь холбогдох дадал олсон, туршлага суусан хүмүүс юм. Тэд хэрэгтэй үед эргэлзэж, тээнгэлзэхгүйгээр гохоо дарж чадах хүмүүс байдаг.
Мэргэн буудагчдын бэлтгэл нь дараах мэргэжлийн уран чадварыг олгох улмаар хөгжүүлэхэд чиглэдэг. Үүнд:

- галт хэрэгсэл сонгох
- эсрэг талынхныгаа мэргэн галаар нам буудах
- мэргэн буудагчийн дохиогоор дайралт хийх
- салхины нөлөөг тооцох
- хэргийн газар нэвтрэн орох
- өнгөлөн далдлах
- овоо харааны тусламжтайгаар зайг тодорхойлох
- даяллын онолыг мэдэх
- дэлгэх
- тохиролцсон гал нээх
- сааднаас буудах
- янз бүрийн байрлалаас буудах
- хөдөлгөөнтэй байнд хурдан онилох ба буудлага үйлдэх
- байг ялгах
- хөдөлгөөнтэй байг буудах
- буудлага үйлдэх агшныг сонгох

Мэргэн буудагч нарт хяналт зохиох талаар хичээл заах нь мөн чухал юм. Энэ хичээлээр газар орны тодорхой хэсгийг судлах арга, замыг үзнэ. Магадгүй энэ үүргээ дуран, газрын зураг болон овоо харааны тусламжтайгаар хийх шаардлага гарч болно. Газар орны судалгаа явуулсны дараа мэргэн буудагч үзсэн, харсан бүхнээ бичгийн хэлбэрт оруулах ёстой. Ийм дасгалууд нь хяналт явуулах, хэргийн газрын болон эсрэг талынхныхаа тухай үнэтэй мэдээллийг холбогдох албан тушаалтанд дамжуулах чадварыг хөгжүүлдэг юм.

Байраа эзлэх

Дайрах бүлгийн мэргэн бууч нар сонгосон байрлалруугаа хос хосоороо очдог. Өөрөөр хэлбэл мэргэн буудагч хянагч хоёр хамт байна гэсэн үг юм. Хянагч нь дараах үүрэгтэй. Үүнд:

- хэргийн газрын орчны байдлыг тандах, мэдэх.
- Командын байртай холбоо барих.
- Удаан хугацаанд байрлах үед мэргэн буудагчийг түр орлох.
- Мэргэн буудагчийн байрлалыг хамгаалах, түүний найдвартай байдлыг хангах.
- Мэргэн буудагч нарт галлах дохио, команд дамжуулах.

Хянагч нь мэргэн буудагчийн байрлалыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг учир түүнийг маш сайн дуран харааны хэрэгсэл бүхий /жишээлбэл, Elcan харааны хэрэгсэлтэй AR-15 эсвэл М-16/ давшилтын винтовоор зэвсэглэх шаардлагатай байдаг. Энэ зэвсэг нь шаардлагатай үед алсын болон ойрын зайд идэвхтэй гал нээх боломж олгодог юм. Олон тусгай командынхан хянагч нарт үүссэн цагийн байдлын өрнөлтийн журнал хөтлөх үүрэг ногдуулсан байдаг. Тэнд тэрээр өөрийн ажигласан бүхнээ журналд тэмдэглэнэ. Энэ журнал хожим нь, нэн ялангуяа мэргэн буудагч гал нээсэн тохиолдолд маш чухал нотлох баримт болдог юм.

Зааварчилгаа

Байрлалаа эзлэхээс өмнө мэргэн буудагчийн тоотод цагийн байдлыг маш тодорхой, ойлгомжтой танилцуулна. Энэ нь тэднийг эсрэг талын шаардлагатай объектыг сөнөөх, тагнуулын хэрэгцээт мэдээ цуглуулах зэрэг оногдсон үүргээ үр дүнтэй биелүүлэхэд тусалдаг. Тоотын гишүүд цагийн байдлын мэдээг командын байр руу, харин дайралт эхэлсний дараа шууд дайрах бүлгийнханд маш хурдан дамжуулахын чухлыг сайтар ойлгосон байх ёстой. Зарим орны хянагч нар маш хүчтэй дуран бүхий гэрэл зургийн аппаратаар хангагдсан байдаг юм. Гэмт хэрэгтэн, барьцааныхан, хэргийн газрын объектууд болон бусад шаардлагатай гэрэл зургуудыг тагнуулын мэдээг задлан шинжлэх, дүгнэлт хийх, операцид оролцогчдод үүрэг тушаал, заавар өгөхөд ашигладаг. Гэрэл зургийн аппарат ашиглаж байгаа тохиолдолд түүний хальсийг нэн дариу боловсруулж, командын байранд хүргэх нь ихээхэн чухал юм.
Хэрвээ гэрэл зураг аваагүй, авах боломжгүй байгаа бол мэргэн буудагч болон хянагч нар гэмт этгээдүүдийн “хөрөг”-ийг бичиж, тэднийг хооронд нь ялгахын тулд онцлог шинж байдлаар нь оноосон нэр өгнө. Жишээлбэл: “Шар толгойт”, “Хар цамцат” гэх мэт. Өнөө мэргэн буудагч нар хоорондоо холбоо барьдаг болсноор хайчин гал нээх магадлал ихээхэн буурсан юм. Террористуудтай тэмцэх тусгай хүчнүүдийн туршлагаас үзвэл тэдэнд стандарчлагдсан журам байдаг. Өөрөөр хэлбэл нэг гэмт этгээдийг хоёр мэргэн буудагчид харицуулдаг бөгөөд энэ нь түүнийг устгах найдвартай баталгаа болдог байна. Мэргэн буудагч, хянагч болон бусад бүлгийн байрлалаа эзлэх журам ямар байх нь газар орны байдал, гэмт этгээдүүдийн тоо зэргээс шалтгаалдаг юм.

Байрлалаа нууцаар эзлэх

Байрлал руугаа хөдөлгөөн үйлдэхдээ мэргэн буудагч болон хянагч нар нь туулах замдаа тагнуул явуулж, бие биеэ галаар халхавчлах ёстой. Яг хөдөлгөөн үйлдэхийн өмнө тэд “дуу чимээний сорил”-ыг заавал хийх ёстой. Өөрөөр хэлбэл буу зэвсэг, бусад хэрэгслийнхээ бэхэлгээг татах, чангаах угзрах, дороо гүйх, үсрэх, дэвцэх зэрэг энгийн аргаар дуу, чимээ гарч буй эсэхийг сайтар шалгаад эсрэг талдаа “дохио” болж мэдэх ямар нэг дуу чимээ гарахааргүй бол хөдөлгөөнөө эхэлж болно гэсэн үг юм. Хэрвээ эзлэх ёстой байрлал нь заавал гудамжаар явах ёстой бол түүний зүүн талыг барьж явах нь зүйтэй. Энэ нь мэргэн буудагч, хянагч нар шаардлага гарсан үед хаалга, болон бусад халхавч болох зүйлийн цаана нуугдахад буруу мөрөндөө үүрсэн буугаа авахад амар, буудлага үйлдэхэд хурдан бөгөөд хялбар байдгаас үүдэлтэй юм.
Хөдөлгөөн үйлдэж байхдаа бууныхаа овоо харааг гэнэтийн буудлага үйлдэхэд хамгийн тохирожтой байрлалд тавьж заншвал зүгээр. Байрлалдаа хүрэх болон түүнээс зайлах үедээ хянагч нь гэрэл, сүүдэр, дуу чимээ, ямар нэг хөдөлгөөн зэрэг шинж тэмдгүүдийг анхааралтай ажин тандах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдгүүд нь барьцаалсан байрны дээвэр дээрх террористуудын харуулын ээлж солигдох зэрэг үйл ажиллагааны илрэл байж болох юм. Зарим тохиолдолд тоотын байрлалруугаа үйлдэх хөдөлгөөн нь “багт наадам”-ын маягтай байж болох. Жишээлбэл, тэдний байрлал цэцгийн дэлгүүрт ойрхон байлаа гэхэд бөөн цэцэг /мэдээж хэрэг цэцэг биш/ тэвэрсэн “амьтан” зүгээр л аажуу тайван алхаад орох гэх мэт.

Нуувчаа сонгох

Мэргэн буудагчийн тоот байрлалаа сонгохдоо аль болох “бай”-ндаа ойрхон газрыг, хот дотор бол ойролцоогоор 90-18? Метрийн зайд сонгох хэрэгтэй. Ер нь операцын удирдагч мэргэн буудагчид байрлалыг нь тодорхой зааж өгөхгүй байвал зүгээр юм. Яагаад гэвэл хашир туршлагатай, өндөр мэдрэмжтэй мэргэжилтэн үүргээ амжилттай гүйцэтгэхэд тохиромжтой хамгийн ашигтай байрлалыг хаана, яаж сонгохоо өөрөө мэддэг.
Тэр тусмаа сайн бэлтгэгдсэн мэргэн буудагч нар үйл явдал ихэнхдээ урьдчилсан төлөвлөснөөр өрнөдөггүй гэдгийг мэдэх тул төсөөлж байгаагүй байдалд үүсэхэд тэд яах тухайгаа аль хэдийн тооцчихсон байдаг. Тэд үндсэн байрлал болон гал нээсний дараах байрлал нь элэрмэгц аль эсвэл илүү сайн байрлал сонгох хэрэг гарсан зэрэг шаардлагатай үед шилжин байрлаж болох хэд хэдэн нөөц байрлалуудыг урьдчилсан сонгосон байдаг юм.
Сонгосон байрлал нь тагнуулын мэдээ олох, цуглуулах ойрын болон алсын хараа сайтай, хөдөлгөөнгүй байрлалаас буудлага үйлдэхэд тохиромжтой байх ёстой. Төхөөрөмжлөгдсөн байрлалаас мэргэн буудагч болон хянагч нар хэргийн газрын аль болох их талбайг хяналтандаа авах, тэр тусмаа хамгийн олон цонх, хаалга харж байх ёстой. Тоот байрлалыг нь санаатай, санаадгүй илчлэж болох элдэв хүн, амьтан гэв гэнэт гарч ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Мөн мэргэн буудагчийн байрлалыг сонгохдоо буудлагын секторт болон түүний яг эсрэг талд тохиолдлын хүн, амьтан гарч ирж болохыг тооцоонд авах ёстой.

Дээвэр дээрх нуувч

Кинон дээр мэргэн буудагчийн байрлал маш сайхан харагддаг. Харин бодит амьдрал дээр бол тийм биш юм. Харин ч мэргэн буудагчийн кинон дээрх байрлал нь илүү олон дутагдалтай байдаг. Дээвэр дээр мэргэн буудагч болон хянагч гараад ил задгай байрлах нь илүү олон дутагдалтай байдаг. Дээвэр дээр мэргэн буудагч болон хянагч гараад ил задгай байрлах нь мэдээж хэрэг нисдэг тэрэгнээс бол алган дээр байгаа мэт харагдана. Үүнээс гадна дээвэр дээрх тоот цаг агаарын “муухай зан”-д өртөх нь элбэг. Тухайлбал, тэнд бөгчим, халуун нар шарж, хүйтэн жавар үлээж, бороо, цаснаас огт хамаарагдахгүй байх нь бий. Мөн дээвэр дээр байрласан үед буудлагаа дээрээс доош нь үйлдэх шаардлага гардаг. Гэтэл ямарч мэргэн буудагчийн үр дүнд хүрэх найдвартай байдаг бол “бай” нь буудагчтай барагцаалбал нэг түвшинд явдал юм.
Энэ нь шилний цаанаас буудлага үйлдэх үед бүр ч ач холбогдолтой. Хэрвээ дээвэр дээр өнгөлөн далдлах, нуугдах газаргүй бол картонон цаас, хавтан зэрэг газрын дорх материал ашиглаад агааржуулалтын систем мэтийг дууриалган хийгээд нуувч болгох хэрэгтэй юм.
Мэргэн буудагч, хянагч нар байрлалаа гэмт этгээдүүдэд аль болох ойрхон сонгох гэдгийн шалтгаан нь хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгомжтой. Ийм нөхцөлд дайрах бүлэг м ансууруулах, хордуулах үйлчилгээтэй хий ашиглаж болно гэдгийг нарийн тооцож үзэх ёстой болно. Хэрвээ хамтрагч нар нь хий хэрэглэх бол мэдээж хэрэг тоотын бүрэлдхүүн бас газ эсэргүүцэгч биедээ авч явах ёстой болно. 

Хотын нөхцөл дэх хамгийн оновчтой нуувч:

Мэргэн буудагчийн тоотод хамгийн ашигтай байж болох байрлал нь хэргийн газрын яг эсрэг талд байрлах албан өрөө юмуу айлын сууц /өрөө/ юм. Ийм тохиолдолд мэргэн буудагчийн байрлалыг илрэхээргүй байхын тулд хэргийн газар руу харсан талын нэг биш хэд хэдэн цонхыг онгорхой байлгах хэрэгтэй. Ингэхдээ мэргэн буудагч өөрөө цонхноос холхон байвал зүгээр.
Мэргэн буудагчийн тухай, бэх бат байрыг сандал болон бусад тавилга хэрэгслүүдээр “эвлүүлэн хийж” болно. Зарим мэргэн буудагч байрлалаа өнгөлөн далдлах зорилгоор цонхны тор хийх, буудлагын үед тоос шороо босгохгүй тулд бууныхаа дор нойтон алчуур тавих зэрэг ердийн арга хэрэглэдэг юм.

Аюулгүй байдлыг хангах

Мэргэн буудагч болон хянагч нар эсрэг талынхаа байг илрүүлэх үедээ өөрсдийнхөө байрлалыг ч бас илчилж болно гэдгийг хатуу анхаарах ёстой. Үүний тулд гэрэл, дуу чимээ гаргах, илүү хөдөлгөөн хийх, хурц, тод өнгө зэрэг хүний онцгой анхаарал татахуйц бусад зүйл хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хүн ам бага суурьшдаг газар бол мэргэн буудагч орон нутгийн өвс ургамалыг өнгөлөн далдлалт болгон ашиглах хэргэтэй юм. Олонх буудагч нар өвс ургамлаар /газрын гадаргууны өнгөтэй адил/ хийсэн “сагсгар” хувцас өмсөхийг илүүд үздэг. Мөн буу, зэвсгээ ч мөн өнгөлөн далдлах ёстой.
Нуувч нь хаана байлаа ч мэргэн буудагч, хянагч нар “ удаан хүлээнэ” гэдгээ ойлгож, түүнд бэлэн байх ёстой. Иймээс шаардлагатай хэмжээний идэх, уух юм, мөн байрлалаасаа байна байн хөндийрэхгүйн тулд хуванцар сав, гялгар уут зэрэг биеэ “хөнгөлж” болох сав авах хэрэгтэй.

Гал нээх команд

Мэргэн буудагч, нар байраа эзэлмэгцээ л тагнуулын мэдээ цуглуулах, олсон мэдээгээ дамжуулах үүргээ биелүүлж эхэлнэ. Энэ үед ч мэргэн буудагч гал нээхэд ямагт бэлэн байх ёстой.
Олон тусгай салбарынхан мэргэн буудагчийн гал нээх дохио болгож өнгөний код ашигладаг юм.

Ногоон. Энэ өнгө бай илэрмэгц гал нээж болно гэдгийг илэрхийлж буй. Хэрвээ гэмт этгээд барьцааныхнаас хэн нэгийг хөнөөсөн юмуу аль эсвэл аюул учруулж болох өөр ямар нэгэн мэдээ байгаа бол мэргэн буудагчид “ногоон гэрэл” өгдөг.
Шар. Энэ өнгө зөвхөн хэн нэгний амь насыг хамгаалахын тулд нээх боломжтойг илэрхийлдэг. Энэ үед гэмт этгээд барьцааныхнаас хэн нэгнийг хороох, аль эсвэл хамгаалалтын ажилтнуудруу гал нээх гэх мэт аюул учруулах нь гарцаагүй болсон үед мэргэн буудагч гэмт этгээдийг устгаж болох юм.
Улаан. Ямарч тохиолдолд гал нээж болохгүй гэсэн утга, санаа агуулдаг.


Буудлага үйлдэх

Барьцааныхнаас хэн нэг нь алагдаагүй, шархдаагүй ихэнх тохиолдлуудад байраа эзэлсэн мэргэн буудагч “шар өнгө”-нд захирагддаг. Гэмт этгээдийг устгах нөхцөлд болон гал нээх команд өгөх агшин нь хянагчаас гол төлөв шалтгаалдаг. Мэргэн буудагч гэмт этгээдийг ганц сумаар л нам болгохын тулд буудлагандаа маш удаан, найдвартай байхаар бэлтгэдэг юм. Ийм буудалт нь хязгаарлагдмал хэсэгт онохыг шаарддаг. Хэрвээ гэмт этгээд мэргэн буудагчруу яг улаан нүүрээрээ харж байгаа бол мэргэн буудагчийн онох цэг нь хоёр нүд, хамарны үүсгэх гурвалжингийн төв байх болно. Харин гэмт этгээд мэргэн буудагчид ар нуруугаараа харагдаж байгаа бол түүний хоёр далны дунд, сээрний дээхэн хэсэгт онилох хэрэгтэй болно. Харин хажуу талаараа харагдаж байгаа бол түүний чихний хонхорхойд барьж бууддаг. Маш хүчтэй винтовоор хүний биеийн аль ч хэсэгт онолоо гэсэн түүнийг үхэлд хүргэж болох авч өндөр мэргэжлийн сэргэн буудагчийн сум маш хоромхон зуурт “үүргээ гүйцэтгэх” ёстой.

Мэргэн буудагчийн дохиогоор дайрах

Мэргэн буудагч анхны сумаараа дайралт эхлэхийг “зарлах” нь амьдралд олон тохиолддог. Тэгэхдээ түүний тавьсан сум гэмт этгээдүүдийн нэгийг хөнөөх агаад ингэснээр томилгоот бүлгүүд атаканд ордог юм. Мэргэн буудагчийн хамгийн эхний бай нь гэмт этгээдүүдийн толгойлогч, цагийн манаач, барьцааныхны харгалзагч зэрэг бусад чухал объеотууд байж болно. Мэргэн буудагчийн анхны сум дайралт эхлэхийн дохио болгож болох юм. Тухайлбал, нэг байнд хоёр мэргэн буудагч нэгэн зэрэг гэмт этгээдийг найдвартай устгахын тулд, аль эсвэл шил нэвтлэн буудаж байгаа үед анхны сум нь саадыг арилгаж, харин яг тэр агшинд хоёрдох буудлага нь үхэл авчрах ёстой болно. Хэрвээ энэ буудалтаар дайралт эхэлсэн бол “нэг” гэхэд мэргэн буудагч аль эсвэл мэргэн буудагч нар гал нээх, “нэг,хоёр” гэхэд гэрэл – дуут болон хийн гранат хэрэглэх, “нэг,хоёр,гурав” гэхэд байшин руу баривчлан саатуулах бүлгийхэн дайран орох зэрэг дохиог илэрхийлж болно.
Хоёр мэргэн буудагч цонхны цаана байрлах нэг байнд буудах хэрэг гарвал зарим командууд мэргэн буудагчийн нэг нь “нэг”, хоёр дахь нь “нэг,хоёр” гэж тоолоходбуудлага үйлдэх журамтай байдаг. Ийм тохиолдолд мэргэн буудагч нарт бэлтгэлээ найдвартай хангах хугацаа олгох үүднээс “дохио”-г нилээд өмнөөс тухайлбал, “бэлэн үү, 5,4,3,2,1 гэх мэт анхааруулж эхлэх хэрэгтэй. /Гадаадынхан манайхан шиг нэг, хоёрын гурваа гэдэггүй харин араас нь 3,2,1 гэж тоолдог болхыг анхаарна уу/. Олонх орны тусгайгийнханд үл ойлголцлоос зайлсхийхийн тулд “галла” командыг хоёр дахин өгдөг журамтай байдаг. Өөрөөр хэлбэл мэргэн буудагч “Галла, Галла” хэмээн хоёр дахин хэлсний дараа л гохон дээрэ дарна гэсэн үг. Ингэснээр холбоо түр зуур саатах, түр тасалдах үед өгөгдсөн командын нэг хэсгийг сонсох ч юм уу, бусад байдлаар алдаа гаргах магадлалыг арилгаж байгаа юм. Тухайлбал, “Битгий галла сэжигтэн этгээд байшингаас гарлаа” гэсэн мэдээ өгөх үед мэргэн буудагч зөвхөн “галла” гэсэн хэсгийг сонсоод буудлага үйлдчих тохиолдол гарч болох юм.

No comments:

Post a Comment